Онцлох мэдээ

image image image image image image image image
Хангай, Хэнтий нурууд, Хөвсгөл нуурын бүс нутагт Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах болов 2013 оны 05 сарын 10-ны өдөр 10 цагт Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Монгол Улсын Засгийн гарын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюунд “Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах тухай” ҮАБЗ-ийн зөвлөмж, холбогдох бусад материалыг гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол орны ой, цэнгэг усны эх үүсвэр болох Хангай, [...] Цааш унших
ТХГН-т хамтын менежментийн зарчмыг нэтрүүлэх ажил эрчимжлээ Их Нартын байгалийн нөөц газар (БНГ) нь Монгол зүүн урд хэсэг, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдын нутгийг хамран орших УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан бөгөөд говь, хээрийн ландшафтын хослол бүхий унаган төрхөөрөө байгаа газруудын нэг билээ. Энэ нутагт нэн тэргүүнд хамгаалах шаардлага бүхий аргаль, янгир, хар сүүлт зээр, цагаан зээр, хулан, саарал [...] Цааш унших
УТХГ-ын хамгаалалтын захиргаадын 04 дүгээр сарын 4 дэх долоо хоногийн онцлох мэдээ 2013.04.29     ЗЭД ХАНТАЙН БҮТЭЭЛИЙН НУРУУНЫ ДЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Орчны бүсийн талаарх мэлдээллийг нэгтгэн гал түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг орчны бүсэд амьдарч буй малчдад хүргүүллээ.   ХАР-УС НУУР ОРчМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Хар-Ус нуурын хамгаалалтын захиргаанаас Загасны үржлийн гол цэг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сэжигтэйн хавцалд сумын [...] Цааш унших
УТХГ Хамгаалалтын захиргаадын 04 сарын 3 дахь долоо хоногийн онцлох мэдээ 2013.04.22   ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсээс Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд өгсөн мэдээллийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Мөнгөнморьт суманд байрлах Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Энхболд, сумын цагдаагийн төлөөлөгчтэй хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Тэнүүний гол, Элгэн орчмоор булш ухаж байсан 5 [...] Цааш унших
ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ 2013.04.18 Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсээс Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд өгсөн мэдээллийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Мөнгөнморьт суманд байрлах Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Энхболд, сумын цагдаагийн төлөөлөгчтэй хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Тэнүүний гол, Элгэн орчмоор булш ухаж байсан 5 хүнийг саатуулан шалгаж Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст [...] Цааш унших
Монгол Алтайн нурууны УТХГ-уудын менежментийн үр ашигтай байдлын үнэлгээ Монгол Алтайн нурууны УТХГ-уудын байгаль хамгааллын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, бодит үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөх зорилгоор Дэлхийн Хамгаалалттай Газар Нутгийн Комисс, Дэлхийн банк, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас боловсруулсан Хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлын үнэлгээ(METT)-ээр 2 дахь жилдээ үнэлгээ хийж байна. 2011 оны үнэлгээг 2003 онд боловсруулсан арга зүйгээр, цөөн хүний [...] Цааш унших
Увс аймагт 3 жилдээ Экологийн олимпиад зохион байгууллаа БОНХЯ-наас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Экологийн олимпиадыг 3 дахь жилдээ Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа зохион байгуулж явууллаа. Уг олимпиадад Эко клубд хичээллэдэг сурагчид нийт 21 багш, 30 сурагч оролцлоо. Энэ жил Эко олимпиадад оролцох сонирхолтой сурагч, багш нарын тоо нэмэгдсэнээрээ олимпиад улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байлаа. [...] Цааш унших
МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН СҮЛЖЭЭНИЙ МОНИТОРИНГ ҮНЭЛГЭЭ, АЖИЛЛАГСДЫН УРАМШУУЛАЛ, АЖИЛ ТАЙЛАГНАЛТЫН ӨНӨӨГИЙН ТОГТОЛЦООНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ Cудалгааны тайлантай ЭНДЭЭС танилцана уу. Цааш унших

Archive for March, 2010

Үлийн цагаан оготныг өмөөрөхийн учир

Өмнөтгөл

НҮБ-аас 2010 оныг биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын жил болгон зарлав. Нийтийн төлөө хүлээх хариуцлагаа ухамсарласан дэлхийн соёлт улс орон бүр энэ оныг бэлтгэлтэй угтаад аль хэдийнээ олон янзын арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Манай улс одоогоор энэ талаар санаа тавих завдалгүй байгаа төдийгүй олон улсын нэр хүндтэй энэ конвенцийн үзэл баримтлалыг үл ойшоож уландаа гишгэсэн зохисгүй арга хэмжээг энэ онцлог жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм, бүр эмгэнэлтэй зүйл болох тул мэргэжлийн хүний хувьд дуугүй байхын аргагүйд хүрч энэхүү нийтлэлийг тэрлэхэд хүргэв.

Биологийн олон янз байдлын тухай конвенцийн зорилго юу вэ ?

Биологийн олон янз байдал гэдэг нэр томъёо өнгөрсөн зууны 70-80-аад онд хүн төрөлхтөнд дөнгөж танил болж, тун удалгүй 1992 онд Рио де Жанерод болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтаар конвенци болон батлагдсан нь их учиртай. Манайд хуулиндаа оруулсан албан ёсны орчуулгаар биологийн төрөл зүйлийн конвенци гэж нэрлэдэг.

Биологийн олон янз байдал гэдэгт өргөн утгаараа дэлхий дээрх амьдралын олон хэлбэр (энд зөвхөн амьд биес төдийгүй тэдний амьдрах орчин, ландшафт, экосистем ч нэгэн адил хамаарна), тэдгээрийн хоорондын харилцан шүтэлцээ, түүхэн хөгжлийг зохион байгуулалтын бүх түвшинд буюу амьд бодгаль бүрийн генийн сан хөмрөгөөс эхлээд манай гаригийн шим мандлын хэмжээнд хадгалан үлдээх тухай өргөн агуулгатай ойлголт.

Шим мандал бол нэг ёсондоо “супер” амьд организм бөгөөд агаар, ус, хоол хүнс, түүхий эдээр хангах гэх мэт асар олон үйлчилгээг бидэнд “үнэгүй” үзүүлж амьдралыг тэтгэж байдаг, бүтэц, тогтолцоо нь хэвийн байгаа нөхцөлд өөрийгөө нөхөн сэргээх, таагүй үр дагавараас урьдчилан сэргийлэх, зохицуулах чадвартай болохыг эрдэмтэд тогтоожээ. Шим мандлын үйл ажиллагааг хэвийн хангах боломж олгодог “дархлааны систем” нь нэг ёсондоо биологийн зүйлийн олон янз байдал.

Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад чиглэсэн аливаа үйлдэл, ялангуяа байгалийн бүх төрлийн нөөцийн ашиглалт, тэнд хэрэглэж байгаа технологи, өнөөдөр хөгжил, дэвшил хэмээн тодорхойлж байгаа бүх ололт хүн төрөлхтөний ирээдүйд гамшиг бий болгох учиргүй гэдэг нь эдүгээ цагийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн философи болж байна. Эдийн засгийн өсөлт, ашиг хонжооны төлөө юу ч хийхээс буцахгүй байсан үе нэгэнт түүх болон үлдэж, байгальд ээлтэй технологи, экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн бодлого, биохүнс, экобайшин, ногоон эдийн засаг гэх мэт шинэ ойлголт нийгмийн амьдралд эрчтэй нэвтэрсээр байна.

Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо 2002 онд болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтаас 2010 он хүртэл биологийн зүйл устах, ховордоход хүргэж байгаа хүчин зүйлийг мэдэгдэхүйц бууруулах зорилт тавьсан. НҮБ-ийн санаачлагаар дэлхийн 95 орны 1300 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн хамтран ажиллаж 2006 онд хэвлэсэн мянганы зааг үеийн дэлхийн экосистемийн төлөв байдлын үнэлгээ хэмээх тайланд “ хүний зүгээс биологийн олон янз байдал хомсдох, экосистемийн үйлчилгээ доройтоход хүргэдаг элдэв нөлөөлөл хэвээр байгаа төдийгүй цаашдаа улам нэмэгдэх хандлагатай байна” гэж дүгнэжээ.

Дэлхийн олон орны эрдэмтэд хамтарч биологийн олон янз байдал, экосистемийн эдийн засгийн үнэ цэнийг тодорхойлох асуудлыг одоо нарийвчлан боловсруулж байна. Одоогоос олон жилийн өмнө хийсэн анхны оролдлогоор шим мандлын амьдралыг тэтгэх үйлчилгээг 16-64 биллион ам. доллар гэж тооцоолсон дүн бий. Энэ үед дэлхийн хэмжээний нийгмийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 18 биллион ам. доллар орчим болж байв. Биологийн олон янз байдлын экологийн үйлчилгээний үнэ цэнийг эдийн засгийн аргаар тооцоолох, түүнийгээ улс орны макро эдийн засгийн үзүүлэлтийг гаргахдаа заавал харгалзан үздэг болох, өөрөөр хэлбэл байгаль хамгааллын үнэ цэнийг эдийн засгийн аргаар тооцоолж байж сая байгаль эхийнхээ төлөө хүн төрөлхтөний зүгээс тавих анхаарал, ааш араншин өөрчлөгдөнө гэж үзэх болов. Биологийн олон янз байдлыг хадгалах конвенци бол өргөн утгаараа манай цэнхэр гариг дээрх “амьдрал” хэмээх гайхамшигт үзэгдлийг мөнхөд баталгаатай байлгахад чиглэсэн ухаалаг харилцааг улс орон бүрийн нийгэм, эдийн засгийн амьдралд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх арга замыг эрж хайсан, журамласан хамгийн том зохицуулгын хэрэгсэл юм.

Монгол улс ба биологийн олон янз байдлыг хамгаалах конвенци

Конвенцид нэгдэн ороод тун удалгүй манай улсын засгийн газраас 1996 онд “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үндэсний хөтөлбөр” гэдэг чухал баримт бичгээ батлан гарав. Хөтөлбөр гаргаад үнэндээ мартагдсан. Мартагдсан гэсний учир бол түүнийг хариуцсан байгууллага, үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх санхүүжилт, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо манайд огт байсангүй.

Өнгөрсөн хугацаанд биологийн олон янз байдлын хамгааллын үндэсний тайланг 3 удаа гаргажээ. Тайланг олон улсын хэмжээнд нэгдсэн маягтаар гаргадаг. Энэ чиглэлээр судалгааны ажил хийдэг хэдэн байгууллага, мэргэжилтэн нараас асууж лавлаж байгаад нэг ТББ тайлан бичиж мөнгө авахын тулд шуурхай ажилладаг. Тайлангаас үзвэл конвенцийн зорилгыг хэрэгжүүлэх талаар монгол орон их амжилттай ажиллаж байгаа дүр зураг харагдана. Ялангуяа монгол оронд огт ирж үзээгүй хүмүүс уншвал тайлан үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлэхээр байна.

Өнгөрсөн жил Алтай Соёны төслийн газраас дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн шинжээчдээр үнэлгээ хийлгэх санаачлага гаргасан нь сайшаалтай хэрэг. Хачирхалтай нь гэвэл шинжээчдээс гаргасан дүгнэлт. Юу гэвэл хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт бараг бүгд биелсэн дүнтэй гарчээ. Мөнгө заралгүйгээр хөтөлбөрөө хэрэгжүүлж сайн үр дүнд хүрсэн бол үнэхээр сайнсан. Гэтэл манай орны ургамал нөмрөг (үүнийг зөвхөн бэлчээрийн төлөв байдлаар төлөөлүүлэн үзэж болно), ойн сан, амьтны аймгийн төлөв байдал тасралтгүй доройтсоор байгаа нь хүн бүхэнд илэрхий. Хэрвээ хөтөлбөрийг сайн боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх талаар санаа тавьж, анхаарч ажилласан бол байдал өөр байхсан. Бэлчээрийн 70-80 хувь талхлагдаж, ойтой талбай тасралтгүй хумигдаж, түймэр байнга гарч байгаа зэрэг цөөхөн баримт манай орны хувьд биологийн олон янз байдал бүхэлдээ доройтож байгааг баттай илэрхийлнэ. Ганц нааштай зүйл бол улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж ирсэн сайн үзүүлэлт байдаг боловч тэнд хэрэгжүүлж байгаа зөв менежмент дутагдалтай байгаагаас зарим тохиолдолд тусгай хамгаалалтай газар нутаг маань ашиглалттай газар нутгаас ч ялгагдахгүй хэмжээнд орсон тул биологийн олон янз байдлыг хамгаалах найдвартай хэрэгсэл байх үүргээ төдийлөн хангахгүй байна. Тэгэхээр үндэсний хөтөлбөр маань “бушуу туулай борвиндоо баастай” гэгчийн үлгэр болсноос цаашгүй.

“Илүүдэл” зүйлийг устгах гайхамшигт төлөвлөгөө

Байгалийн тухай философи хэмээн зарим хүний нэрлэдэг экологийн ухааны онолоор бол байгаль дээр огт хэрэгцээгүй, илүүдэл болсон биологийн зүйл байхгүй гэж үздэг. Урт хугацааны түүхэн хөгжлийн явцад үүсэн бий болсон амьд биет бүхэн буюу биологийн зүйл бүр шим мандлын амьдралд өөрийн гэсэн ямар нэг үүрэг гүйцэтгэдаг байна. Өөрөөр хэлбэл биологийн зүйл бүхэн ямар нэг “мэргэжил” эзэмшсэн байна. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн, биологийн нэг зүйл. Нэгэн үе бусад зүйлийн нэгэн адил ижил тэгш эрхтэй гишүүн байснаа оюун ухааныхаа ачаар байгалийн хүчний өөдөөс сөрөн зогсож, түүнийг өөрийн эрх ашигт нийцүүлэн хувирган өөрчлөх чадвартай болжээ. Шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил, дэвшил үй олон гайхамшигийг бүтээж хүн төрөлхтөний соёл иргэншлийг хөгжлийн өнөөгийн өндөрлөгт хүргэв. Энэ үйл явц дэлхийн түүхтэй харьцуулахад тун цөөхөн жилийн дотор болж өнгөрөв. Дээр дурдсан мянганы зааг үеийн экосистемийн үнэлгээний тайланд: “… сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их амжилтанд хүрсэн боловч түүнийг асар их үнээр олсон …”, “хүний зүгээс экосистем, биологийн олон янз байдалд учруулсан хохирлын хэмжээ, далайц, эрч сүүлийн 50 жилд хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрчээ” хэмээн дүгнэсэн юм. Дунд сургуулийн экологийн сурах бичигт хүний хүчин зүйл гэсэн нэр томъёо аль хэдийнээс бичигдэх болов.

Сүүлийн жилүүдэд санхүүгийн хямрал хэмээн дээр, дооргүй ярьж, зардал мөнгө хэмнэх тухай хаа хаанаа анхаарч л байна. Энэ бол туйлын зөв зүйл. Мөнгийг зөвхөн зарахын тулд биш, улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд гарцаагүй хэрэгтэй гэсэн төсөл, үйл ажиллагаанд зарцуулахын тулд төсөв зохиодог баймаар. Гэтэл 2010 онд буюу биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын жил манай улсын тарчигхан төсвөөс 1,8 тэрбум төгрөгөөр үлийн цагаан оготно, царцаа устгах, бараг 3 тэрбум төгрөгөөр ойн “хортон шавьжтай” тэмцэх гайхалтай төсөв, төлөвлөгөөг олж үздэг юм байна. Үүнээс илүү чухал ажил үй олон л баймаар. Ядахдаа олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ч эргэцүүлж бодмоорсон.

Үлийн цагаан оготно, царцаа, ойн хортон хэмээгдэх олон зүйлийн цох, эрвээхэйг би амьхандаа өмөөрч хаацайлж, хүнлэг, энэрэнгүй хүн болохыг зориогүй юм. Гагцхүү энэ арга хэмжээ үр дүнгүй бөгөөд зөвхөн мөнгө угаах гэсэн “башир арга” гэдгийг л олон түмний сонорт хүргэх гэсэн юм. Манайд бол улс орны эрх ашигтай холбоотой олон асуудал хэлэлцэхэд байгаль хамгаалагчдыг хөгжлийн эсрэг тэрслүү үзэлтэн мэтээр л үздэг нь гэм биш зан болсон цаг.

Яагаад би үлийн цагаан оготныг өмөөрөх болов ?

Энэ оготнотой тэмцэх талаар дээр үед улс төрийн товчооны тогтоол хүртэл гарч байсан удаатай. Олон удаа асар их зардлаар устгал хийсэн. Олон улсад хориотой бодис ч хэрэглэж байв. Үр дүн нь оготно устгахаасаа илүү хээрийн экосистемийн хэвийн амьдралыг бусниулсан олон сөрөг үр дагавар бий болгож байв.

Оготны тоо толгой өсөж буурах хөгжлийн зүй тогтолтой. Судалгаагаар ургамал нөмрөг доройтож сийрэг тачир болох нь энэ оготны үржилд таатай нөлөөтэй болох нь тогтоогдов. Ийм нөхцөл хуурайшлын үетэй давхацна. Түүний дээр малын хөлөөр бэлчээр талхлагдах нь гол нэрмээс болно. Бэлчээр доройтсон нь малчны буруу биш харин малын өвсийг хумсалдаг оготны буруу болно. Хэрвээ бэлчээрээ зөв зохистой ашиглаж талхагдахаас нь хамгаалж чадвал энэ амьтан олшрох магадлал буурна.

Хэрвээ оготны тоо толгойг зохицуулах арга хэмжээг зөв, оновчтой зохион байгуулж чадвал заавал эсэргүүцэх зүйл бас биш. Харамсалтай нь оготны тоо толгой өссөөр ургамал нөмрөг үндсэндээ цөлмөгдөж хөгжлийнхөө жамаар оготны популяци мөхөлд орж тоо толгой нь аяндаа буурах болсон тэр үед устгах арга хэмжээг төлөвлөдөгт хамгийн том эмгэнэл оршино. Өөрөөр хэлбэл устгал хийсэн ч, эс хийсэн ч оготны тоо аяндаа буурах болсон тэр үед хөрөнгө мөнгө зарлагадах шаардлага юу байна ? Энэ хаврын цасны усны үер үлийн цагаан оготныг хорооход багагүй хувь нэмэр оруулах болов уу гэсэн горьдлого ч бий. Тэр жил мөн л оготны ажлаар Сүхбаатар аймагт явж байхад нэг малчин айлын өвөлжөөний орчимд үлийн оготно шороо шиг бужигнаж байхтай таарав. Ахимаг настай малчнаас оготно олшроод хэцүү байна уу гэж асуувал санаанд оромгүй хариулт сонсов. Эд яах вэ хэсэг бужигнаад л алга болдог богино настай хөөрхий амьтад. Энэ амьтан үнэндээ бол тал нутгийн хөрсийг сийрэгжүүлдэг “анжис” нь юм шүү дээ гэж хэлэв. Ажигч гярхай малчид үлийн цагаан оготны экосистемд гүйцэтгэдэг үүрэг, ач тусыг аль хэдийнээ ажиглалтаараа таньж мэдсэн хэрэг. Ажил муутайд нь бол бэлчээр доройтуулсан “гол буруутан” болж таарна.

Хөнөөлт мэрэгч, шавьжтай тэмцэх хамгийн оновчтой арга бол биологийн арга гэж үздэг. Үлийн цагаан оготны тооны хэт өсөлтийг хязгаарлан барьж байдаг байгалийн зохицуулагчид нь үнэг, хярс, үен, олон зүйлийн махчин шувуу юм. Үнэг, хярсыг агнаж, малын хөлд амархан дарагддаг бөгөөд оготны тоо хамгийн түрүүнд олшрох боломжтой зуслан газрын ойролцоо оготноор хооллодог махчин шувууд үүрлэх боломж хүний нөлөөнөөс үүдэн бас л хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр оготны тоо өсөхөд тэр нутгийн экосистемийн төлөв байдал, амьдрах орчны чанар доройтох нь гол түлхэц болж байна. Ийм нөхцөл байдлыг бий болохоос сэргийлэх нь биологийн олон янз байдлын конвенцийн гол үзэл баримтлал билээ.

Биологийн арга нэрээр зарим талбайд микробиологийн арга хэрэглэхээр төлөвлөжээ. Бактерийн бэлдмэл үнэхээр сайн үр дүн өгдөг юм гэж өөдрөгөөр төсөөллөө гэхэд зөвхөн үлийн цагаан оготнод л үйлчлэх сонгомол чанартай байх нь юу бол, тэрхүү бэлдмэл хуурай, хурц нартай, температурын хэлбэлзэл ихтэй гадаад орчинд хэр удаан хугацаанд үйлчилгээгээ хадгалж чаддаг бол гэх мэт олон эргэлзээг яах аргагүй төрүүлнэ. Нэгэнт микробиологич мэргэжилтэн биш учир энэ талаар мэдэмхийрэхийг тэвчив. Ер нь микробиологийн аргыг аюулгүй байдал талаасаа ч, олон улс, олон нийтэд ойлгогдох талаас нь бодсон ч дэмжих зүйл яавч биш билээ. Үнэхээр баталгаатай үйлчилгээтэй, сөрөг үр дагаваргүй гэдгийг шинжлэх ухааны үүднээс баталгаатай нотолж чадаж байгаа нөхцөлд л энэ аргыг хэрэглэхийг зөвшөөрмөөр. Ер нь ийм зөвшөөрлийг ямар газар нь толгой мэдэж олгодог болохыг ч үнэндээ мэдэхгүй юм.

Ойн хортон шавьжтай тэмцэх тухайд

Оготнотой харьцуулахад ойн хортон шавьжийн хувь заяа бүр ч ээдрээтэй. Ойн хортон гэж нэрлэгдэх олон зуун зүйлийн шавьжийн бүртгэл манайд бий. Хаана, хэдийд, ямар хэмжээний талбайд ямар зүйлийн шавьжинд устгал хийх вэ гэдгийг жил, улирлын онцлогийг харгалзан тухай бүр тогтоохын тулд олон жилийн мониторинг судалгаанд тулгуурласан үндэслэл сайтай прогнозтой байх шаардлагатай. Ойн хортон шавьж судалдаг мэргэжлийн хүний тоо тун цөөхөн атал хөнөөлийн голомт, устгал хийх оновчтой цаг хугацааг нь нарийн тогтоох шаардлагатай хөнөөлт шавьжийн зүйлийн тоо хавьгүй олон, судалгаанд хамрагдах талбайн хэмжээ уудам тул нисдэг тэрэг л ашиглахгүй бол ажиллах нөхцөл үнэхээр хүнд. Ийм нөхцөлд устгал хийх талбайг богино хугацаанд оновчтой тогтоох боломж байхгүй. Мэргэжлийн энгийн логикоор тунгааж үзвэл олон зүйлийн хортон шавьжийн хөгжлийн цикл нэгэн зэрэг, нэгэн хэмээр яагаад ч явахгүй. Тэрнээс гадна ойн хэв шинж, тэнд зонхилох модны төрлөөс хамаарч газар бүр өөр өөр зүйлийн хөнөөлт шавьж олшрох боломжтой.

Ойн хортон гэгч үнэхээр энэрэлгүй хөнөөлт дайсан байдаг юм бол манай орны багахан ой аль хэдийнээ идэгдээд дуусчихсан баймаар. Гэтэл тийм биш. Түймэр гарах, ашиглалтын горим алдагдах зэргээс болж байгалийн ойн амьдрах чадвар доройтсон нөхцөлд л ойн хөнөөлт шавьж олшрох боломж бүрдэнэ. Тэрхүү хортон гэж цоллуулаад байгаа шавьж, эрвээхэй тодорхой нөхцөл бүрдсэн үед л эрчимтэй үржиж олширно. Тэд байгалийн ойн экосистемд өөрийн гэсэн үүрэгтэй. Үнэндээ ойн хортон үржих нөхцлийг бид өөрсдөө бий болгоод дараа нь устгах гэж мөнгө зарцуулахад хүрч байгаа нь бидний бас нэг эмгэнэл. Устгах ажил хийлээ гэхэд үр дүнтэй болох урьдчилсан нөхцөл бүрдсэн үү, үйл ажиллагааг шуурхай оновчтой зохион байгуулах техник, хүний нөөцийн боломж манайд хангалттай бий юу, ямар аргаар устгал хийх вэ гэсэн олон асуулт гарна. Ямар нэг хүчтэй үйлчилгээтэй химийн хор хэрэглэвэл хөнөөлгүй бөгөөд ойн амьдралд ашигтай бусад олон зүйл шавьж ч нэгэн адил устана. Нэг төрлийн таримал ойд хэрэглэдэг хор, устгал хийх технологи манай орны байгалийн ойд яагаад ч тохирохгүй. Цаг үе, газар нутаг, аргаа зөв сонгож чадаагүй бол энэ удаа ихээхэн зардал гаргаж устгалаа гэхэд дараа жил дахин гарна. Бид дураараа байгаль дэлхийгээ “засварлаж” чадахгүй.

Санал:

1. Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын биологийн жилийн зорилтыг хүндэтгэн энэ удаа устгал хийхээр төлөвлөсөн их хэмжээний мөнгийг зарцуулахаас татгалзах хариуцлагатай шийдвэрийг гаргахыг холбогдох байгууллагад уриалж байна.

2. Төсөвт тусгасан мөнгийг биологийн зүйлийг устгахад биш харин биологийн олон янз байдалд мониторинг хийх улсын хэмжээний нэгдсэн сүлжээ байгуулахад зарцуулах нь конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, үндэсний байгаль хамгаалах бодлогыг оновчтой болгох суурь мэдээлэл бүрдүүлэхэд тустай ажил болно. Ус, цаг уурын мэдээллийн сүлжээний тогтолцооны нэгэн адил биологийн олон янз байдлын төлөв байдалд тогтмол хяналт хийдэг үндэсний хэмжээний мэдээллийн сүлжээг одоо ажиллаж байгаа хээрийн судалгааны зарим суурин, тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээнд тулгуурлан байгаль, газарзүйн гол бүс, голлох экосистемийн төлөөллийг харгалзан орон даяар байгуулбал ирээдүйтэй бөгөөд нүдээ олсон ажил болохсон. Бэлчээрийн ихэнх талбай доройтсон гэж бичиж байгаа ч түүнээс үүдэн биологийн зүйлийн олон янз байдалд ямар өөрчлөлт гарч байгаа талаар шинжлэх ухааны системтэй судалгаанд тулгуурласан бодит тоо баримт одоогоор алга.

3. Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан гэж үзээд энэ мөнгийг зарцуулж устгал гарцаагүй хийдэг юмаа гэхэд төсөвлөсөн мөнгөний багахан хэсгийг үр дүнгийн хяналтанд зориулан зарцуулахыг шаардах нь зүй ёсны шудрага хэрэг гэж үзэж байна. Тэгэхдээ энэ хяналтыг “хуйвалдагчид” биш, харин мэргэжлийн хүмүүс, олон нийтийн хяналтын байгууллага, байгаль хамгааллын төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоотой зохион байгуулаад үр дүнг олон нийтэд мэдээлэх болно. Тэр үед хариуцлага хүлээх эзэн нь тодорхой болж таарна.

Шууд ач тусаа өгдөгийг нь “ашигтай”, тийгүй бол “хортой” гэж ялгадаг нь хүмүүс бидний амиа хичээсэн арчаагүй зангийн илрэл юм. Байгаль дэлхий маань зөвхөн хүмүүс бидний л тусын тулд оршин тогтнож байгаа биш ажээ. Биологийн зүйл бүхэн байгальдаа хэрэгтэй. Харин бид байгалийнхаа хөгжлийн аясыг эвдэхгүй байхын төлөө л анхаарал тавих ёстой.

Р.Самьяа

МУИС, Эрдэм шинжилгээ, гадаад

харилцаа хариуцсан дэд захирал

2010.03.30

Монгол бөхөн (Saiga tatarica mongolica)-д нэмэгдэл тэжээл тавьсан ажлын нэгдсэн тайлан гарлаа

2009-2010 оны өвөл баруун аймгуудын нутгаар цас их орсон, хүйтний эрч өмнөх жилүүдийн дунджаас их нэмэгдсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтны өвөлжилтийн байдал хүнд байна. Өвөл цас ихтэй, жиндүү хүйтэн болсон, хавар салхи шуурга ихтэй идэх ургамал байхгүй нь гэрийн мал төдийгүй зэрлэг ан амьтанд ч хүндээр тусаж өлдөж үрэгдэх аюулд ороод байгаа билээ. Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад гадаад дотоодын ТББ-ууд Монгол улсын Засгийн газарт хандан энэ байдлыг анхааран авч үзэж тодорхой шийдвэр гаргахыг хүссэн. БОАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр зэрлэг амьтанд өвс тэжээл, хужир шүү тавих ажлыг аймгийн БОАЖГ зохион байгуулсан ажлын хүрээнд аргаль хонь, янгир ямаа зэрэг амьтдад өвс тэжээл тавьсан байна. Харин монгол бөхөнгийн өвөлжилтийн хүнд байдалд Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анхаарал хандуулан Ховд, Говь-Алтай аймгийн БОАЖГ, бөхөн хамгаалах сүлжээ багийн хамт өвс, тэжээл тавьсан ажлын үйл явц, үр дүнг энэхүү тайланд нэгтгэн бичлээ.

 

Тайлантай ЭНДЭЭС танилцана уу.

 

Мэдээлэл бэлтгэсэн: Б.Чимэддорж

ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын

зүйлийн асуудал хариуцсан ажилтан

 

2010.03.30

“Лаатай үдэш”-ээр уулзацгаая!

logoooХ.Хулан

Зууны мэдээ сонин

Нэг ийм, сонирхол татам яриаг өчигдөр санамсаргүй сонслоо. “Энэ сарын 27-нд Сүхбаатарын талбайд “Лаатай үдэш” болох юм гэнэ. Тэрнийг нь зохион байгуулж байгаа нөхдүүд нийслэлийн иргэд, албан байгууллагыг гэрлээ унтраахыг уриалж байгаа юм байх. Хэрэв ингэж чадвал агаарт ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг бага ч гэсэн хэмнэж, дэлхийн дулааралтай тэмцэх юм байна. Үнэхээр тийм үр дүнтэй нь үнэн л юм бол Улаанбаатарын цахилгаан станцуудтай ярьж байгаад л ганц цаг цахилгаан тасалчихна биз дээ. Тэртэй, тэргүй тэр өдөр нь бямба гариг болохоор хохирол гарахгүй шүү дээ. Тэгэхгүй бол санаачлагаараа гэрлээ унтраах хүн олдоо ч уу, үгүй ч үү…” гээд л хоёр найз хоорондоо ярьж байна аа……

            Хоёр нүд нь бүрэн хараатай, чих нь дээд зэргийн сонсголтой, оюун ухаан нь бүтэн хэрнээ нүдний өмнө болж байгаа үйл явцыг олж хардаггүй, сонсдоггүй, магадгүй ингэхийг хүсдэг ч үгүй олон сая хүн /Та ч бас тэдний нэг байж мэдэх юм/ цэнхэр гариг дээр бий. Мөнгө, эрх мэдлээс өөр юу ч нүдэнд нь харагдаж, чихэнд нь сонсогдохоо больчихсон харалган хүн дэндүү олон байгаагаас болоод л өнөөдөр Таны, миний, бидний эх дэлхийн өнгө гундаж, амь тасрахын даваан дээр ирчихээд байгаа хэрэг. Тийм л хүмүүсийн /магадгүй Таны/ чихэнд сонсгож, оюунд нь ой “тарих” гэж “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн одоогоос гурван жилийн өмнө буюу 2007 онд Австралид “мэндэлсэн” юм билээ.

            Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаг алдалгүй тэмцэж, чадах бүхнээ хийх ёстойг гүнээ ухамсарлаж байгаагаа илэрхийлж дэлхийн олон мянган хот, суурингийн сая, сая хүн “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнд хүч нэмж байгаагийн нэг хэсэг нь монголчууд бид юм.    

            Ирэх бямба гаригийн 20:30-21:30 цагт Сүхбаатарын талбайд болох “Лаатай үдэш”-ээр монголчууд бид дэлхийн сая, сая хүнтэй нэгэн зэрэг дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо хүргэх гэж байна. Олон албан байгууллага, урлаг соёлын одод, хувь хүмүүс энэ арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлэн, “Лаатай үдэш”-т оролцоно. Таныг ч бас тэнд ирэхийг урья.

            Сүхийн талбайн эргэн тойрны барилга, байгууламжууд гэрлээ унтраах боловч лааны гэрэлтэй, цахилгааны эх үүсвэргүйгээр хийх тоглолтууд хэнийг ч уйдахгүй гэсэн шүү. “Рок мангас” Р.Мөнхсайхан “Ла

Нэг цаг гэрлээ унтрааж нүүрсхүчлийн давхар ислийг 41.6 тонноор багасгаж чаджээ

logoooХ.Хулан

Зууны мэдээ сонин

Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн хийсэн тооцоогоор Тайландын Бангкок хотын иргэд өнгөрсөн оны гуравдугаар сард нэг цагийн хугацаанд цахилгааныхаа хэрэглээг жирийн өдрийнхөөс 73.34 мега.ваттаар хэмнэжээ. Үүний үр дүнд тэд тухайн цагт агаар цацах байсан нүүрсхүчлийн давхар ислийг 41.6 тонноор багасгаж чадсан байна.Харин ирландчууд тухайн цагт 150 мегаватт цахилгаан хэмнэж, агаарт ялгарах нүүрсхүчлийнхээ хэмжээг 1.5 хувиар буюу зургаан тонноор хасчээ. Хамгийн их хэмжээний буюу 13 хувь нүүрсхүчлийн хийг багасгасан улсаар Шинэ Зеландын Крис Чэрч шалгарч, удаах байранд Австралийн Мельбурн хотынхон орсон байна. Тэд агаарт ялгарах байсан нүүрсхүчлийн давхар ислийнхээ хэмжээг тэр өдөр ганцхан цагийн дотор 10.1 хувиар багасгасан юм. Хүмүүс бид нэгдэж чадвал юу хийж чаддагийг харуулсан ганцхан жишээ нь энэ. Хүн төрөлхтнийг хүйтэн дайнаас ч илүү хөнөөлд хүргэж мэдэх уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг бидний хийж чадах, өчүүхэн хөдөлмөр шаарддаг хэрнээ өндөр үр дүнтэй “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн жилээс жилд хүрээгээ тэлж, өнөө жил Монгол улсын нийслэлд “зочлох” гэж байна.

            Австралийн Сидней хотод анх өрнүүлсэн “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэхээ илэрхийлсэн айл өрх, албан байгууллагын нийт 2.2 сая байшин нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан нь 2007 он. Яг нэг жилийн дараа гэхэд энэхүү хөдөлгөөн дэлхийн 35 улсын 50 сая хүнийг хамарсан байлаа. Харин өнгөрсөн жил 88 орны 4000 хотын 800 сая хүн хөдөлгөөнд нэгдэж, нэг цагийн турш гэрлээ унтраасан нь агаарт ялгарах нүүрсхүчлийн хийтэй “дайн зарлагчид” улам хүчирхэгжиж байгааг харуулсан явдал гэж хэлж болно.  2010 оны гуравдугаар сарын 27-н буюу ирэх бямба гаригт “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд монголчууд  нэгдэхээр боллоо. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг “М-Си-Эс Кока Кола” ХХК болон, байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубтэй хамтран Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Сүхбаатарын талбайн эргэн тойрны албан байгууллага, томоохон барилгууд бүгд нэг цагийн турш гэрлээ унтрааж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэхүү тэмцэлд нэгдэхээ илэрхийлээд байгаа аж.  Ирэх бямба гариг буюу энэ сарын 27-ны 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхийн талбайн эргэн тойрны гэрэл унтарч, олон зуун лаа гэрэлтэх юм. “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд хүн бүр нэгдэн орж, дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмрээ оруулахыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уриалж байна.  Дэлхий дахин энэ өдрийн яг энэ цагт нэгэн зэрэг гэрлээ унтраах бөгөөд Сан Франциско дахь Голден Гейт гүүр, Ромын Колоссейм театр, Сидней дэх Дуурийн ордон, Тайм талбайд байрладаг Кока Колагийн сурталчилгааны самбар зэрэг томоохон байгууламжууд нэг цагийн турш гэрлээ унтраадаг билээ. Энэ жил Сүхийн талбайгаас Монголд эхэлж байгаа энэхүү хөдөлгөөн ирэх оноос илүү олон, өргөн хүрээг хамарсан уламжлал болох биз ээ.

 

            2010.03.26

Дэлгэрэнгүй мэдээллийг http://ekhdelkhii.blogspot.com/ -аас авна уу.

Хар-Ус нуурын БЦГ орчмын бэлчээрийг зохистой ашиглах асуудал сэдэвт уулзалт боллоо

            Хар-Ус нуурын БЦГ-ын Цагаан гол орчмын бэлчээрийг зохистой ашиглах асуудлаар талуудын зөвлөлдөх уулзалтанд Ховд аймгийн Чандмань, Буянт, Манхан, Жаргалант сумдын 4 багийн засаг дарга, ИХ дарга, Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, малчдын бүлгийн гишүүд /16 малчин/ аймгийн засаг дарга Г.Нямдаваа, БОАЖ газрын мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалт  2010 оны  3-р сарын 17- нд Ховд аймгийн төвд нийт 37 хүний оролцоотой боллоо. Талуудын зөвлөлдөх уулзалтаар доорх асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • 2009 онд Цагаан гол орчмын бэлчээрийг зохистой ашиглах хамгаалах талаар хийсэн талуудын хамтьн ажлын үр дүн
  • Бэлчээр ашиглах малчдын холбооны ажлын үр дүн, сургамж
  • Бэлчээрийг зохистой ашиглах талаарх 2010 онд хийх ажлын төлөвлөгөө

.

Үйл явцын товчоо: Уулзалтыг нээж Ховд амйгийн засаг дарга Г.Нямдаваа, Харс нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга Д.Чинбат, Дэлхийн байгаль хамгаалах сан/ WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай –Соёны салбарийн захирал Д.Цэвээнравдан нар үг хэллээ. Уулзалтын хөтөлбөрийн дагуу Хар-Ус нуурын БЦГ, бэлчээр ашиглагчдын малчдын холбоо, байгаль хамгаалагч, сумын ЗДТГ 2009 онд бэлчээрийг зохистой ашиглах талаар хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны амжилт, сургамжийг танилцуулав. Уулзалтын эцэст Цагаан гол орчмын бэлчээрийг зохистой ашиглах талаар талууд 2010 онд хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөөг боловсруулав.    

 

Зөвлөлдөх уулзалтаас гарсан үр дүн

 

Цагаангол орчмын бэлчээр ашиглах малчдын холбоо 2009 онд холбогдох талуудтай хамтран үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсний үр дүнд нэгдүгээрт 2009-2010 оны өвлийн хахир хатуу энэ үед Цагаан гол орчмын малчид бусад газрын малчидтай харьцуулахад харьцангуй эрсдэл багатай өвөлжсөн хоёрдугаарт малчдын бэлчээрийг уралдаж ашиглах биш харин зөвшилцөж хэлэлцсний үр дүнд зөв менежменттэй ашигласнаар үр дүн гардаг гэдгийг ойлгож, мэдэрсэн явдал гэдгийг зөвлөлдөх уулзалтанд оролцсон бүх талууд хүлээн зөвшөөрч байв. Өөрөөр хэлбэл Цагаан голд хэрэгжүүлсэн энэ туршлагын үр ашгийг цаашид улам дэлгэрүүлэх нь чухал гэж үзлээ.

 

Уулзалтын тайлантай ЭНД ээс танилцана уу.

 

Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэнэчимэг

Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн

хамгаалалтын захиргааны судалгаа

шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

 

2010.03.25

Зургийн сан

Электрон номын сан

Танилцуулга

Шинэ номнууд

Архив

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Хаяг: Чингэлтэй дүүрэг Нэгдсэн Үндэстний гудамж 5/2 Засгийн газрын II байр Ш/х-46 15160 Улаанбаатар, Монгол улс
Утас: +(976)-11-267283
Факс: +(976)-51-266171Э-майл: info@mne.gov.mn
Вэб сайт: http://www.mne.mn

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗАР

Хаяг: 8-р хороо Сүхбаатар дүүрэг Амарын гудамж-4
Ш/х-115 Улаанбаатар-210620А Монгол улс
Утас: +(976)-11-318447,
+(976)-11-311659
Факс: +(976)-11-310227Э-майл:
Вэб сайт: http://www.wwf.mn

Blog Traffic

Pages

Pages|Hits |Unique

Last 24 hours:  848    Last 7 days:  6,535    Last 30 days:  28,938    Online now: 4
Хаах