Тува улсад 2010 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарласантай холбогдуулан тус улсын Аялал жуулчлал, соёлын яамнаас анх удаагаа зохион байгуулсан “Эсгийний баяр”-т Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн малчдын нөхөрлөлүүд бүтээгдэхүүнийхээ дээжээс тавьж зарим нөхөрлөлийн гишүүд биеэр очиж оролцов. Энэхүү үйл ажиллагаа 8 сарын 13-15 өдрүүдэд Тува улсын нийслэл Кызыл хотод болсон бөгөөд Монгол, Башкир, Алтайн БН улс, Хакас, мөн ОХУ-ын Красноярск хот болон Ермаковскийн бүс нутгийн зочид төлөөлөгчид, эсгий урлалын мастеруудаас гадна Тувагийн баруун Хемчик, зүүн Хемчик, Бай-тайга, Мөнгөн тайгын районоос төлөөлөгчид оролцсон.
Тус баярын зорилго нь Төв Азийн онцлог өв соёлын нэгээхэн хэсэг болсон эсгий урлагийн уламжлал, өв соёлыг хадгалан хамгаалах, авч үлдэх, улам бүр хөгжүүлэх, эсгийгээр бүтээл туурвил хийдэг уран гартан, мастеруудыг уулзуулж хамтын ажиллагааг сайжруулах, харилцан суралцах боломж олгоход чиглэж байв.
Энэ үеэр газар газраас ирсэн мастерууд эсгийгээр урлагийн болоод ахуйн хэрэглээний бүтээл хийх үзүүлбэр үзүүлсэнээс гадна эсгий, ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болсон нь үзэгч дүүрэнтэй байлаа.
Манай урчууд эсгийн дээр хөрөг зураг зурах, ширмэл хийх, эсгий хийх, өнгийн ноос ашиглан бэлэг дурсгалын зүйл хийх зэрэг үзүүлбэр үзүүллээ. Монголоос оролцсон бүтээгдэхүүнүүд ур хийцээр бусад орны мастеруудын бүтээлээс дутахааргүй байсан төдийгүй тэр дундаа чанарын хувьд илт давуу сайн байгаа нь бүгдэд ил байж тэр ч утгаараа “Шилдэг боловсруулалттай эсгий бүтээгдэхүүн”, “Шилдэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн” номинацийн шагналын эзэн болсон юм. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр малчдын нөхөрлөлүүдийн хийсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж сонирхсон хүмүүст зарж борлуулсан бөгөөд ихэнх бараа бүтээгдэхүүн борлосон юм. Хамгийн их сонирхол татаж байсан бүтээгдэхүүн нь Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант-Оргил нөхөрлөлийн гишүүдийн хийсэн ирвэсний мөртэй ширмэл аяны гудас байлаа.
“Эсгий урлалын уламжлал ба орчин үе” сэдэвт дугуй ширээний ярилцлага болж Тува улсын эрдэмтэн судлаачид оролцож тувачуудын эсгий хийх уламжлал, түүх, шинэтгэл, ард түмний сэтгэлгээний онцлог эсгий урлалд хэрхэн туссан байдал, орчин үед хүүхэд залууст ардын уламжлал, тэр дундаа эсгий урлалыг ойлгуулан мэдрүүлэх түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явагдаж байгаа талаар илтгэл тавьсан юм. Улс орон бүр өөр өөрийн онцлогт тааруулан эсгий урлалыг хөгжүүлж байна. Тухайлбал, Тувад голдуу гэрийн эсгий хийж байгаа бол Красноярскийнхан хүүхдүүдийг сургах тал дээр анхаарч байна. Харин Алтайчууд ихэвчлэн ахуйн хэрэглээний зүйл хийдэг. Дугуй ширээний ярилцлагын үеэр Тувагийн БНУ-ын Аялал жуулчлал, соёлын яамны сайд Донгак.В.О: “Аржаан – 1, Аржаан – 2 г.м бүр 3000, 5000 жилийн өмнөх олон булш хиргисүүрээс эсгий эд олдсон нь ямар эрт цагт үүссэн болохыг нь харуулж байгаа юм. Та бүхний үзүүлбэрээс өчүүхэн жаахан ноосоор нарийн чимхлүүр ажиллагаа шаардсан урлагийн бүтээл хэрхэн хийж байгааг тань манай ард түмэн харлаа. Бид бие биенээ нөхөж хамтдаа хичээн зүтгэж чадвал богино хугацаанд эсгий урлагийг хөгжлийн шинэ шатанд гаргаж чадна” гэсэн юм.
Эсгий урлалыг шинэ шатанд гаргахын тулд Алтай Соёны эко бүс нутагт хил залган оршиж эсгий урлагийг хөгжүүлэн баяжуулж байгаа улс орнуудын энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мастеруудыг уулзуулах, харилцан мэдлэг туршлагаа солилцох, суралцах боломжийг нэмэгдүүлэх, зах зээлийг нэмэгдүүлэх шаардлага байгаа талаар ярилцаж хамтарсан санамж бичгийг үйлдэж оролцож буй улс орнуудын холбогдох байгууллага, хүмүүст хүргэхээр боллоо.
Мөн энэ үеэр Красноярскаас ирсэн төлөөлөгчид Монголоос ирсэн төлөөлөгчдөд хандан 2011 оны 7 сарын эхээр Красноярскт болох “Саянское кольцо” үйл ажиллагаанд ирж оролцохыг урьсан юм. Энэ бүхэн нь манай малчдад малын бус орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх өргөн боломж байгаа гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Гагцхүү боломжийг судлах, бусдын гар харалгүй өөрсдөө хичээх л хамгийн гол нь байна гэдгийг Монголоос оролцсон оролцогчид хэлж байлаа.
Энэхүү үйл ажиллага анд оролцож байх үед цаашид анхаарч санууштай зарим нэг зүйл ажиглагдсаныг хэлэх нь зүйтэй болов уу. Тухайлбал, манай урчуудын өмнөх жилүүдэд хийж ОХУ-д борлуулсан зарим нэг бүтээгдэхүүн дээр өөрсдийн нэр шошгыг хадан үзэсгэлэнд оролцуулж байгаа байдал ажиглагдсан юм. Иймд цаашид урчууд, мастерууд маань өөрсдийн бүтээлээ баталгаажуулж, зохиогчийн эрхээ авах зайлшгүй хэрэгтэй болох нь эндээс харагдаж байгаа юм.
Мэдээлэл бэлтгэсэн: Л.Алтанцэцэг
ДБХС Монгол дахь хөтөлбөрийн газар,
Алтай Соёны бүсийн салбар
Боловсрол, мэдээлэл хариуцсан ажилтан
2010.08.29














