Thursday, 13 January 2011 15:51
administrator
Эртнээс мал аж ахуй эрхэлж амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлж ирсэн Монголчуудын хувьд байгаль дэлхийн ургамал ногооны гарц, цаг уурын байдал нэн чухал зүйл юм. Ийм ч учраас бэлчээр нутаг, уст цэгээ зөв зохистой ашиглаж, цаг улирлын байдалтайгаа зохицон буурь сэлгэн нүүдэллэдэг бүхэл бүтэн өв соёл бий болжээ. Гэвч сүүлийн жилүүдэд нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотой сүргийн бүтэц, бэлчээрийн хуваарь гэсэн МАА-н үндсэн гол элементүүдийн зохилдлогоо алдагдсанаар байгаль дэлхий өөрчлөгдөн ядуурч, түүнд шүтэн амьдрагч зэрлэг амьтан, ургамал төдийгүй хүний амьдралд эргээд сөргөөр нөлөөлөх болсон.
Хар-Ус нуурын Цагаан голын 63 арлуудад олон жил ижил зүсмийн мал, хаяа залгасан бууцаараа ихэрлэж, айлсан өвөлжиж ирсэн Буянт, Манхан, Чандмань, Жаргалант сумын малчдыг ч энэ байдал тойроогүй бөгөөд тэд арал дээр удаан хугацаагаар байрлаж олон мал адгуулах болсноор арлын бэлчээр талхлагдах, хотон шувуу, зэрлэг гахай гэх мэт амьтдын амьдрах орчин нөхцөл алдагдах, УТХГН-ийн хууль журам зөрчигдөх зэрэг асуудал, түүнээс улбаатай бэрхшээл гарах болжээ. Иймд нутгийн ард иргэд энэ талаар анхаарах зайлшгүй шаардлагатай болсон тул сум бүрээс төлөөлөл орсон Бэлчээр ашиглагчдын зөвлөл байгуулан ажилласаар даруй 2 жилийг ардаа үджээ.
Шинэ оны 1 сарын 7-ний өдөр бэлчээр нутгаа хайрлан хамгаалж хамтдаа хийсэн ажлаа дүгнэх уулзалтаа өөрсдийн амьдарч, хамгаалж хайрлаж буй Хар-Ус нуурынхаа Хөх дээлтийн үзүүр хэмээх газар хийлээ.
Нуурын их мөсөн дээр жавартай боловч цаг агаар тогтуун сайхан өдөр Манхан, Буянт, Чандмань, Жаргалант сумын 200 гаруй малчид, иргэд, мөн аймаг сумын удирдлага, байгаль орчны байгууллагын төлөөллүүд цуглаж Бэлчээр ашиглагчдын зөвлөл, нутгийн малчдын 2010 онд байгаль орчин руугаа чиглэн хийсэн үйл ажиллагааны үр дүнг сонсож хэлэлцэн нэгэн өдрийг инээд хөөр, дуу хууртай өнгөрөөлөө.
Энэ 2010 онд малчид УТХГН-ийн тухай хууль, арлыг чөлөөлөх тухай аймгийн засаг даргын захирамжийг амжилттай биелүүлж хавар 4 сарын 20-ээс 11 сарын 20-ний дотор Цагаан голын арлуудыг чөлөөлсөн бөгөөд 11 сарын 20-оос 12 сарын 10 хооронд өвөлжөөндөө буужээ. Манхан сумын малчин Жамсранжав, Жаргалант сумын малчин Санжбаяр болон бусад малчид үүнийг ”Өмнөх жилд мөн ингэж бэлчээрээ чөлөөлсөнөөр бэлчээрийн гарц сайжирч хэдий зудтай байсан ч өвлийг өнтэй сайхан давсан, мөн Хар-Ус нууранд ирж зусдаг хотон шувууны тоо толгой өсөж нутгийг маань чимж байгаа нь нөлөөлж байна” гэж үзэж байна. БАЗ-ийн гишүүн Буянт сумын малчин Я.Баатархүү, Чандмань сумын Сүлжээ багийн засаг дарга Баттулга нарын олон хүн цаашид бэлчээр нутгаа зүй зохистой ашиглах, байгаль хамгаалах чиглэлээр баг хамт олноороо хамтарч санаачлага гаргаж ажиллахаар зорилт тавьж байгаагаа илэрхийлж байлаа.
Цас мөсний баярын үеэр Ганданпунцагчойлин хийд болон Манхан сумын хийдийн лам нар хурал ном айлтган байгаль дэлхийгээ баясгах үйл ажиллагаа, багуудын мэндчилгээ, мөсөн дээрхи шагайн харваа, олс таталт, сумо, тэшүүр, хурдан тэмээний уралдаан, мотоциклийн уран жолоодлогын тэмцээн, чарганы уралдаан, уурга шүүрэх, буухиа зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.
Энэ үйл ажиллагааны хамгийн сэтгэл догдлуулсан мөч нь сум багуудын өнгөрсөн жилийн байгаль хамгаалах үйл ажиллагааны амжилт, үр дүн, санал санаачлага, мөн цасны баярын тэмцээн уралдааны үр дүнгээр байр эзлүүлж ирэх жил байгаль хамгаалах чиглэлээр хийх нэг үйл ажиллагаанд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламж гардуулах ёслол байсан юм. Сумдыг амжилтаар нь байр эзлүүлэхэд I байрыг Чандмань сумын Сүлжээ баг, II байрыг Буянт сум Цагаанбургас баг, III байрыг Манхан сумын Баянгол баг тус тус эзэлж, Чандмань сум 1 сая 200 мянган төгрөг, Буянт сум 1 сая төгрөг, Манхан сум 800 мянган төгрөгийн Байгаль хамгаалах санаачлагыг дэмжих эрхийн батламжаа гардан авлаа.
Дээрх сумдын малчид, удирдлагууд цаашид сум багаараа хэлэлцэж хамгийн үр дүнтэй, өгөөжтэй үйл ажиллагаанд энэ шагналаа зарцуулна гэж ярьж байна. Тухайлбал, Сүлжээ багийн засаг дарга Баттулга “Манай багт Зах булаг гэдэг нэг б
улаг байдаг бөгөөд энэ булгийг торлож хамгаалах зайлшгүй шаардлага байгаа. Энэ булгаас манай багийн олон малчид иргэд үр өгөөжийг нь хүртдэг. Гэхдээ бид багийн хурлаараа хаана энэ хөрөнгө оруулалтыг зарцуулах вэ гэдгээ хэлэлцэж байж шийднэ“ гэлээ.
Мөн энэ үеэр Чандмань сумын Бизнес инкубатор төвийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж 100 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ төвийн үйл ажиллагаа нь малчдад малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулан орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэдгийг харуулсан үйл явдал боллоо.
Энэ удаагийн уулзалт, баярын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалтыг хариуцсан Чандмань сумын малчид, иргэд цугласан олонд халуун хоол ундаар үйлчилгээ үзүүлсэн нь ирсэн хүмүүсийн таашаалд нийцсэн үйл ажиллагаа байлаа. Ховд аймгийн ЗД, БОАЖГ, ХУНУТХГН-ийн хамгаалатын захиргаа зэрэг төр захиргааны байгууллагууд энэхүү цас мөсний баярыг жил бүр уламжлал болгон улмаар өвлийн спорт аялал жуулчлалын нэг төрөл болгохын зэрэгцээ нутгийн малчид иргэд байгаль дэлхийтэйгээ хэрхэн зүй зохистой харьцахын жишээ болгож олон нийтэд таниулах, үлгэр дууриал болгох нь тэдэнд урам зориг нэмсэн хэрэг болно гэж үзэж байна.
Мэдээлэл бэлтгэсэн: Л.Алтанцэцэг
ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Ховд хот дахь Алтай Соёны бүсийн салбар
Боловсрол, мэдээлэл хариуцсан ажилтан
altantsetseg@wwf.mn
2011.01.10