
2011-2012 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Увс аймгийн ЕБС-ийн Эко клубын багш нарын дунд экскурс аялалыг 2011 оны 09-р сарын 15-наас 18-ны хооронд зохион байгууллаа. Сургалтыг УНАСУТХГ-уудын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э. Жавзансүрэн, аймгийн БСГ-ын мэргэжилтэн А. Болормаа нар удирдаж явууллаа.
Экскурс сургалтын гол зорилго нь: Эко клубын багш нарыг чадавхижуулах, тэдэнд байгалийн сайхныг мэдрүүлэх, бие биенээсээ сурах, дадлагажих, багшийг сургаснаараа сурагчдыг хөгжүүлэх, тэднийг байгальд ээлтэй хүнэлэг энэрэнгүй сэтгэлтэй болгож төлөвшүүлэхэд оршино.
Сургалтад Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Өмнөговь, Хяргас, Баруунтуруун, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын багш нар, Аймгийн төвийн Шинэ-Ирээдүй цогцолбор сургууль, Увс-Эрдэм, ахлах 2-р сургууль, Чандмань ахлах сургуулийн нийт 15 багш хамрагдлаа. Хөдөлгөөнт сургалтын аялалын маршрут нь Улаангомоос- Үүрэг нуур, Бөхмөрөн сум-Ачит нуур-Ховд сум-Өмнөговь-Өлгий-Наранбулаг-Улаангом нийт 700 км аяллаа.
Сургалтын үеэр эко клубын багш нар байгаль хамгаалах клуб хичээллүүлэхэд бэлтгэх тухай, Увс аймгийн дурсгалт газрууд, хогийн менежмент, идэш тэжээлийн болон амьтад хоорондын тэнцвэрт байдал, шувуудын тухай, ТХГН-ийн тухай мэдээлэл бэлтгэж хичээл заалаа. Мөн сумуудын сургууль дээр эко клубын нэг өдрийг зохион байгуулж, сурагчдын дунд байгаль орчны АХА тэмцээн, алтан хонх тэмцээнүүдийг зохион байгуулж байр эзлүүлж шалгарсан сурагчдад ном гарын авлага материалаар шагнаж урамшууллаа. Энэ үеэр багш нар байгаль хамгаалах эко клубын үйл ажиллагаагаа танилцуулж нэг нэгнээсээ туршлага судалж, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргалаа. Мөн мэргэжил нэгт нөхдөөсөө суралцаж, ажлын туршлага солилцсон оюунлаг арга хэмжээ болсноороо онцлогтой юм.
Аялалыг хамтран зохион байгуулсан аймгийн БСГ, ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам батжих болтугай.
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э. Жавзансүрэн
2011 оны 09-р сарын 20-ны өдөр






