“Мөсний баяр” 2 дугаар сарын 22-23 хооронд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болно
-

Хөвсгөл нуурыг хамгаалах, сурталчилах, өвлийн аялал жуулчлалын шинэ төрлийг бий болгох, хугацааг уртасгаж, хөгжүүлэх, нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, тэднийг тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхэд татан оролцуулах зорилгоор анхны мөсний баярыг 2000 оны 2-р сард “Жиглэгийн ам”-ны Хөвсгөл нуурын толь шиг тунгалаг мөсөн дээр Хөвсгөл нуурын УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Рэнчинлхүмбэ сумын Далайн захын багийн малчид санаачилан зохион байгуулсан билээ. Энэ нь ард түмний сэтгэлд хүрсэн баяр болж цаашид жил бүр уламжлал болгон хийж байхаар тогтсоноор гадаад, дотоодын аялагч, жуулчдын хүсэн хүлээсэн өвлийн аялалын нэгэн төрөл болон хөгжиж байна. Энэ үеэр тэшүүр, цааны уралдаан, мөсөн хотхон барих, нутгийн иргэдийн гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдаа явагддаг. Анхны Мөсний баяраар Хөвсгөл нуурын толь шиг тунгалаг мөсөн дээр 6 морин чарганы уралдаан
болсон нь хүн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн, хийморийг сэргээсэн, итгэмгээргүй сүртэй уралдаан болсон. Энэ уралдаан нь Дэлхийд ганцхан уралдаан байснаараа онцлог юм. Мөсөн дээр уралдах морьдын тахны дуу, чарганы хутганы дуу тахнаас мөс үсчих манарсан цагаан манан, морьдын үсэн дээрх цан хүүрэг мөсөн шагшаа, дүгийний хонхны жингэнээ зэрэг нүднээ харагдах, чихнээ сонсогдох дуу дурсамж сэтгэлд үлдэн мартагдахгүй сүрдмээр билээ.
Энэ жилийн “Мөсний баяр” 2 дугаар сарын 22-23 хооронд Хатгал тосгонд болох ба баярын үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай нутгуудын хамгаалалтын захиргаа, НҮБ-ын Алтай Соён төсөл хамтран зохион байгуулж байна. Мөсний баярын үеэр уламжлалт ёсоор мөсөн хотхон баригдаж, тэшүүрийн уралдаан, морин чарганы уралдаан болно. Мөн энэ үеэр олон улсын тэшүүрийн марафон зохион байгуулагдана. Энэхүү уралдааныг Актив Адвентур компани санаачлан зохион байгуулдаг. Анх 2007 онд Голландын 200 тэшүүрчин Хөвсгөл нуурын мөсөн дээр тэшүүрийн наадам хийсэн байна. Энэ наадам нь олон улсын тэшүүрийн марафон болон өргөжиж 2008 онд дэлхийн 40 гаруй орноос тэшүүрчид ирж оролцсон.
Мэдээлэл бэлтгэсэн: С.Наранцэцэг
Хөвсгөлийн УТХГН-уудын хамгаалалтын
захиргааны мэргэжилтэн
2010.02.21
















